jeudi 24 juin 2010

Тулуз хот дахь дэлхийн хэлний баяр

Тулуз хотод ийм нэртэй нэгэн баяр 06-сарын 13 –ны өдөр болж өнгөрлөө. Энэ жил 18 дахь жилээ зохион байгуулагдаж байгаа аж. Энэхүү баярт улс орон бүрээс Тулуз болон бусад хотуудад амьдарч ажилладаг гадны орны хүмүүс ирж өөрийн үндэсний хэл бичиг, соёл уламжлал зэргээ бусдад таниулан суртачилдаг байна. Миний хувьд бол нэг үзэсгэлэн үзэж яваад энэ баяр болдог тухай мэдсэн ба тэгээд л бүртгэл нь арай дуусаагүй байсан тул бүртгүүлээд оролцох болсон билээ.

Оролцсон тухайгаа товч сийрүүлбээс:

13-ны өглөө эртээ гэгч нь босоод л баяр болох газар хотын төв талбай дээр очилоо. Аль хэдийн оролцох нийгэмлэг, холбоогууд ирсэн байлаа.
10 цагаас эхэлээ. Давхардсан тоогоор 100 орчим улс орны нийгэмлэг холбоод өөрсдийн хэл соёлоо танилцуулахаар цугласан байсан. Би ч яахав ганц монгол ганцаардахгүй гэж, монголын газрын зураг, төрийн далба, монгол хэл болон монгол бичиг, кирилл бичиг, бусад ойр зуур бэлтгэн хэвлэсэн зүйлсээ дэлгэлээ. Бас болоогүй монголоос авч ирсэн сурах бичиг, толь зэргээ хажуугаар нь дэлгэн үзүүллээ. Өөрийн ойр зуур бичсэн монгол бичгүүдээ сайхан гэгч нь самбарт тогтоогоод л тэгээд л болж байгаа юм даа.
Хүмүүс их гайхаж байнаа. Үнэхээр монголоос ирсэн үү, гэрт амьдардаг уу та нар, их хүйтэн биз, их тал нутаг, дандаа морь унадаг уу гэх шиг сонин сонин асуултаар дүүрэн өдөр байлаа. Монгол руу аялаж байсан ганц нэг хүмүүстэй ч таарав.
Миний хувьд тэнд байсан калиграфчидтай уулзалдах, тэдний бүтээлүүдтэй танилцах бодолтой байлаа. Төвд, Араб, Франц, Грек, Армен, Солонгос зэрэг калиграфчид байлаа.
Би бас яаж зүгээр байх вэ, бичиг соёлоо танилцуулахын зэрэгцээ монгол бичгээрээ хүний нэр бичих ажил бага зэрэг хийв. Ер нь бол хүмүүс их сонирхож байсан шүү.

Нээлтийн өмнөх дүр зураг
Миний орон зай


Солонгос калиграфич
Араб, Армен калиграф


Арабаар "тавтай морил"


арменаар миний нэр нэг иймэрхүү.

Хамгийн сүүлд хэлэхэд баяртай байна. Хамгийн гол нь монгол, монгол хэл, бичгээ жоохон ч гэсэн хүмүүст таниулж чадсандаа баяртай байна. Сонирхуулахад нэг рестораны нөхөр ирсэнээ манай ресторан орон бүрийн хоолыг хүмүүст танилцуулдаг хэрэв боломжтой бол нэг 7 хоног танай үндэсний хоолыг танилцуулж болно гэлээ. Яагаад болохгүй гэж гэхдээ одоо биш, дараа бол магадгүй л юм. Хэрэв тэгэх бол би гэдэг хүн чинь тогооч болох нь дээ.

Aucun commentaire:

Enregistrer un commentaire