samedi 11 décembre 2010

Өөрийгөө дарж байх үгс...

**Төгс төгөлдөрөөс бүү ай. Та түүнд хүрэхгүй. Тэгээд ч төгс төгөлдөр зүйлд ямарч сайн юм байхгүй. Сальвадор Дали

**Хүн хичнээн ухаантай, боловсролтой, авьястай, шударга зүрх сэтгэлтэй бай, гагцхүү биеэ тоосон л бол, энэ бүх сайн чанар нь дутагдал болон хувирдаг. Лев Толстой

**Хүнд хэдий хэмжээний ухаан дутаж байна, төдий хэрийн ихэмсэг зан цухалзана. Александр Поп
**Их зан бол агуу ихийн бус, өчүүхэн дордын шинж юм. Жонатан Свифт

**Өөрийнхөө талаар дэндүү дээгүүр, бусдын тухайд дэндүү доогуур бодолтой явдагаас л их зан төрж байгаа юм. Монтене

**Залуу явахад бидний алдаа ашигтай, харин түүнийг өтөл нас руугаа чирэн очиж л болохгүй. Гёте
**Хэрүүл хийхэд хоёр хүн шаардагддаг. Хэзээ ч та тэдний нэг нь бүү болоорой. Жон Лэббок
**Мөнх амьдрах юм шиг, тийм харамч нарийн хүмүүс байх юм. Бас маргааш үхэх юм шиг, тийм үрэлгэн хүмүүс ч байх юм. Аристотель.

Дэлгэрэнгүй...

lundi 6 décembre 2010

Монгол залуу Франц орныг тойрно

За та бүхэн Монгол залуу Франц орныг тойрно гэхээр бас юун Амай гараад ирэв ээ? гэж магад. Тийм бол арай биш юм аа. Аялагч уу гэвэл бүр том андуурсан болно. Түүний нэрийг Д.Батпүрэв гэх бөгөөд 2008 онд Францын ANOKO–ийн киноны багынхантай хамтран Монголын хөдөө, хүмүүний амьдрал, байгалын сонин хачин, уламжлалт баяр наадам ... зэргийн талаар өгүүлсэн кино хийсэнээ Францын бүхий л том жижиг хотуудаар хүмүүст хүргэхээр аян замдаа гарчээ. Нийтдээ 2- 3 жилийн турш киногоо үзүүлэн Монголоо суртачлан явахаар төлөвлөсөн байна.
Эцэст нь дурдхад монголын амьдралыг харуулсан киног, өөрөө бүтээлцсэн монгол хүн үзүүлж, тайлбарлана гэдэг монголоо дахин таниулж буй хэрэг юм. Киног үзээд Монгол руу урсах жуулчдын тоо улам нэмэгдэнэ гэдэгт би итгэлтэй.

Бат даа амжилт хүсийййййййййййййййй.

Кино хаа хэзээ, ямар хотуудад гарах дэлгэрэнгүй мэдээллийг http://www.connaissancedumonde.com – оос.

Дэлгэрэнгүй...

jeudi 2 décembre 2010

Амжилтанд хүрсэн удирдагч

Арван жилийн турш Самсунг групп, Хьюндай электрон, Хьюндай киа үйлдвэр зэрэг том компа­ниу­дын 3000 гаруй ажилчдад сургалт, зааварчилгаа өгч байсан менежер Хон Иу Сукийн илтгэл. Тэрээр ямар менежмент амжилтанд хүрдэг, мөн менежер хүн ямар байвал зохих талаар өөрийн туршлага, Өмнөд Солонгосын туршлага дээр суурилан өгүүллээ. Хон Иу Сук нь Америкийн Отава их сургуулийн бизнес харилцааны анги, Ионсей их сургуулийн хэвлэл мэдээлэл, суртал­чил­гаа­ны анги, Соган их сур­гуу­лийн үйлдвэрийн бүтцийн сэтгэл зүйн мэргэжил эзэмшсэн байна.

Амжилтанд хүрсэн удир­дагчдад онцгой чанар байдаг

Энд хүрэлцэн ирсэн та бүхний дунд улс төр, эдийн засаг, урлаг соёл гэх мэт янз бүрийн салбарт хувь нэмрээ оруулж буй хүмүүс бий. Аль ч салбарын тухай ярьсан удирдагчгүй газар гэж үгүй, удирдагч хэрэггүй газар гэж үгүй. Тиймээс сайн удирдагч болохын тулд хүмүүс ном зохиол уншиж, боловсрол эзэмшдэг.

Өнөөдөр та бүхэнтэй са­нал бодлоо хуваалцах гэж байгаа зүйл маань номонд бичигддэг онолын асуудал биш бөгөөд харин бодит ам­жил­­танд хүрсэн хүмүүс, зог­соо зайгүй дэвшин дээ­шилж буй пүүс компаниудын хоо­ронд ижил төсөөтэй зарим шинж чанар ажиг­лагддаг ту­хай юм. Энэ нь ямар шинж чанарууд вэ? Би өөрийнхөө судалгаа, туршлагын үндсэн дээр дараах шинжүүдийг та бүхэнд толилуулж байна.

Нэгдүгээрт: Өөрөө өөрийн­­­­­­­хөө болон пүүс ком­па­­ний­­хаа өмнө тавьсан то­дор­­­хой зорилготой байдаг. Тодорхой хүсэл эрмэлзэл­тэй байж, өөрийгөө болон бусды­гаа зорилгоо биелүүлж чада­хыг мэдрүүлэх хэрэгтэй. Бие­лүүлэх гэж буй тэрхүү зорилго нь бодит байх бөгөөд хэм­жиж болохуйц тодорхой цаг хуга­цааг товлох хэрэгтэй юм. Тэгээд ямарваа нэгэн хэлбэ­рээр өөрийнхөө өмнө таьсан зорилгоо цаг тутамд бусдад мэдүүлэх хэрэгтэй (хэл яриа, үг үсэг, зураг, зар суртал­чил­гаа зэргийг ашиглах гэхчлэн). Өөрөө түүгээрээ дам­жуулж хийх гэж буй ажилдаа улам бүр итгэлтэй болно.

Хоёрдугаарт: Хийж буй ажил­даа, өөр хоорондоо ит­гэлц­сэн хүмүүс удаан хуга­цаа­ны туршид хамтран ажил­­ладаг. Чадвартай үндэс­лэн байгуулагчид захирал­тай­гаа удаан хугацааны турш хамтарч ажилласны үндсэн дээр тэрхүү компани хөгжин дэвждэг. Тэд бие биенийхээ ит­гэ­лийг бүрэн олохын тулд маш их хичээц­гээдэг.Тэд зөв­хөн нэг удирдагчтай боло­хын тулд цаг зав гарган сайн ярилц­даг. Итгэл хүлээнэ гэдэг нь цаг мөч бүрт илэр­хий­лэг­дэж буй бүх зүйл тэр­хүү ит­гэл­тэй холбоотой байд­гийг ха­руул­даг. (Үг яриа, зан бай­дал, ажилдаа хандаж буй төрх)

Гуравдугаарт: Ямар ч үед хүнийг ялгаварлалгүй санал бодлоо хуваалцдаг байна. Ярилцаж байх­даа өөрөө л яриад байх биш бусдын үгийг сайн сонсох хэрэгтэй байдаг. Хүндэтгэл хүлээсэн удирдагч ямар байх тухай бичээд үзье гэвэл хэн ч их ярьдаг удир­даг­чийг сайн удир­дагч гэж хэлдэггүй. Хүмүүс өөрийн­хөө ярьж байгааг сонсдог хүнийг хүндэлж дээдлэдэг.
Дөрөвдүгээрт: Жижиг ажил, түр зуурын амжил­тан­даа эрдэлгүй ирээдүйгээ харж ажиллах холын хараатай байдаг. Зогсоо зайгүй өөртөө шинэ нээлт хийх төдийгүй, ажилчиддаа зориулж дэвшин сайж­рах төлөвлөгөөтэй байж түүнийгээ бо­ди­тоор хэрэг­жүүл­­­нэ. Ажилчин хүн нэг ажил­­­даа тогтвор­той удаан бай­­­на, аль эсвэл яваад өгнө. Ажилч­­­наа жирийн нэг жижиг хэрэг­­­лээ төдийгөөр авч үзэн түр ашиг­лаад хаячих юм шиг сэт­гэг­дэл төрүүлбэл яваад л өгнө. Харин ажилчиндаа зо­риул­сан ямар нэг төлөв­лєөгөөтэй байж, хүсэл эр­мэлз­­лэ­лийг нь төрүүлэн дэмжиж өг­вөл итгэл дүүрэн ажиллах бол­­дог. Тас­ралт­гүй боловс­рол эзэм­шүүлж, хамт­даа хөгжин дэвших хэрэг­тэй. Өөрөөр хэл­бэл, ажилч­наа сургах төдий­­гүй удирдагч өөрөө үлгэр дуу­­рай­­лал үзүүлэн жил бүр то­дор­­хой хэм­­жээний ном уншиж (жишээ нь жилд 50ш), ши­нэ төрлийн удирд­ла­­гын сур­­галтанд хамрагдах хэрэгтэй.

Тавдугаарт: Ажилчныхаа ал­даа дутагдалд анхаарал халамж тавьж, алдаагаа засах хүртэл нь хүлээж чаддаг байна. Зөвхөн маргаашийн үр дүнд эрдэлгүйгээр тэр ажилч­ны­хаа чадавхийг үнэ­лэн, жинхэнэ ур чадвараа гар­гах хүртэл нь хүлээж чадах хэ­рэг­тэй. Хулс мод 4-5 жи­лийн хугацаанд газар дор бага багаар ургаж байгаад нэг жилд 25м ургадаг шиг найд­вар тавин итгэсэн хүндээ хэн ч гэсэн хариу барьдаг юм. Олны итгэлийг хүлээсэн захирал хүн гэдэг ажил­чин­даа хүний итгэлийг хэрхэн хүлээдэг тухай, мөн итгэл найд­вар өвөрлөн хүлээх та­лаар үлгэр дуурайл болдог. Тэрээр хийсэн алдаанаасаа сур­гамж авч, дахин тийм алдаа гаргахгүйгээр чадвар­тай болно гэдэгт итгэж өгвөл ажилчин ч итгэл даах болно. Тарьсан үр цэцэглэдэг шүү дээ.

Амжилтанд хүрсэн удирдагч­дын нийтлэг шинж чанарын тухай авч үзлээ.

Одоо амжилтанд хүрсэн пүүс компаниудын нийтлэг чанарын тухай толилуулъя. Гурван өөр компанийг жишээ болгоё.

Өмнөд Солонгосын үлгэр дууриал болсон компаниудын нэг болох И-Лэнд (E-Land).

Тус компани нь анх 108 кв.м талбайтай жижигхэн дэл­гүүрээс гараагаа эхэлснээс хойш 23 жил өнгөрөөд байгаа бөгөөд одоо ор­ло­го нь 1 триллион вон давсан том пүүс болж хөгжсөн бөгөөд энэ­хүү компаний урианд “Ажлын тал­бар бол амьдралын сур­гууль” гэ­сэн байдаг. Та бүхний сайн мэдэх Samsung группын урианд ч бас “Чадвартай боловсон хүчин бэлт­гэс­нээр дээд зэргийн бүтээгдэ­хүүн үйлд­вэр­лэж ний­гэм­дээ хувь нэмрээ оруулц­гаая” гэсэн байдаг. Ам­жил­танд хүрсэн компаний хамгийн их хичээдэг зүйл гэвэл яах аргагүй ажилчдаа сурган боловс­руу­лах явдал юм. “И-Лэнд” ком­па­ний хувьд л гэхэд жилд 1 ажилчин дунджаар 600 цагийн сургалтанд хамрагддаг юм. Энэ хугацааг ажлын өдрөөр нь тооцоод үзвэл 25 өдөртэй тэнцэнэ. Өөрөөр хэлбэл 25 өдрийг бүхэлд нь сургалтанд зориулж байна гэсэн үг юм. Энэ 25 өдрийн сургалтнаас гадна бүх ажилчид нь удирдан зохион байгуулахтай холбогдсон 300 боть номыг заавал уншсан байх ёстой. Энэ компани нь шинэ ажилтан нэмэгдэх бүрт компаний нэр төр, туй­лын зорилгод хандуулсан 3 са­рын сургалт явуулдаг. Одоо ажилч­дын гэр бүлийнхэнд зо­риулж 1 бүтэн єдрийн сургалт явуул­даг болоод байгаа бөгөөд ажилч­дын­хаа хүүхдүүдэд зориул­сан сур­гал­тын программ бэлтгэж байна.

Санаанд минь хамгийн тод үлдсэн зүйл гэвэл энэ компаний Ерөнхийлөгч Пак хэлэхдээ манай компаний ажиллагсад 10 жилийн дараа гэхэд сайн өсөн хєгжиж нийгмийн салбар бүрт удирдагч-Leader болно хэмээн найдан боловсролын сургалтанд хөрөнгө оруулдаг гэсэн билээ.

Зөвхөн нэг компаний төлөө биш, эхлээд ажилчнаа өөрийг нь хөг­­жүүлж, нэр хүнд бүхий нийг­мийн гишүүн болгохын тулд сур­галт явуулдаг учиртай. Би 10 жи­лийн өмнө тэр компанид хүмүүсийн хоорондын харилцаа­ны соё­лын сургалтыг даан ажиллаж байхдаа энэ компанитай танилц­сан бөгөөд удалгүй Пак ерөн­хий­лөг­чийн хэлсэн нь биеллээ олж манай улсын өнцөг булан бүрт ажиллаж байгаа “И-Лэнд”-ээс төрөн гарсан сайн удирдагчдыг харах болсон юм.

Үнэндээ дэлхийд хамгийн их сур­галт явуулдаг компани гэж хэлэхэд буруутах зүйлгүй. Түүний үр дүн нь гэвэл одоо “И-Лэнд” дэлхийд алдартай пүүс төдийгүй до­тоодын их дээд сур­гуулиудын төг­сөгчдийн очиж ажиллахыг хүс­дэг ТОР компаниудын тоонд багтдаг.

“Самсунг” групп ч ажилчиддаа зориулж дунджаар 30-аас дээш цагийн Leadership-удирдлагын арга зүйн сургалт явуулдаг. “Самсунг” сургалтын хүрээлэн нь амралтын өдөр ч явагдаж байдаг нь сургалтанд хичнээн их хөрөнгө зарцуулж байгааг харуулж байна.

Та бүхний сэтгэл санаанд илүү ойртож очих жижиг дунд үйлдвэ­рийн жишээг танилцуулъя.

Энэ компани нь оёдлын үйлдвэр­лэл эрхэлдэг бөгөөд 2000 онд Солонгост болсон эдийн засгийн хүчтэй уналтыг даван туулсан ком­пани юм. 100 гарч байсан ажилчдын тоо нь гуравны нэгтэйгээ тэнцэх хүрт­лээ буурч, компани дам­пуур­магц нийлүүлэгч компаниудын хүмүүс шуугиан тарьж, ажилчид нь тай­ван ажлаа хийх боломжгүй хүнд хэ­цүү байдалд орсон байлаа. Гэтэл энэ компаний захирал нь ийм хүнд бай­далд орох тусам зориг тэв­чээр­тэй, хүчтэй байж компаниа хам­гаа­лах хэрэгтэй гэсэн бодолтойгоор нийт ажил­чид­даа сургалт явуулсан юм.

Долоо хоног бүр гурван цагийн турш өглөөний ажлын цагийг зар­цуулан ажилчиддаа хүнлэг ухааны та­лаар болон удирдан зохион бай­гуу­лах тухай сургалтууд явуулж түүн­дээ хөрөнгө зарсан байна. Ажил­чид нь ч эхэндээ дургүйцэж, гад­ны хүмүүс ч гэсэн дампуурсан ком­­па­ни илүүдээ гарсан зардал гар­гаж байна гэх зэргээр муулц­гааж байсан үе.

Жилд дунджаар 100 цагийн сургалт явуулсан гээд бодоод үзэхээр ерөн­хий­дөө томоохон пүүс ком­па­ниуд ч хийх боломжгүй зүйлийг хийж байсан юм. Гэхдээ компаний захирал нь байр сууриа алдалгүй аюулгүй, тогтвортой компанийг бий болгохын төлөө бүхий л хүчээ зориулан ажилласан байна.

Түүний үр дүнд дампуурсан тэр жилдээ л гэхэд 1 миллиард вонийн ашигтай ажиллажээ. Энэ үр дүндээ эрдэж бардалгүйгээр сургалтаа үргэлжлүүлэн явуулсаар 3 жилийн нүүр үзээд байна. Одоо энэ компаний ажилчид нь өөрийн компаниараа бахархан ихэвчлэн загварын компаниудын туулдаг хүнд хэцүү байдлаас гараад цэвэр имиж нэр төр бүхий компани болоод байна.

Энэ байдлаас үүдэн нэр хүнд бүхий байгуулагууд хамтран ажил­лахыг санал болгож, ингэснээр тэдний хувьд энэ компанитай хамтран ажиллаж байгаа нь нэг шат дэвшин дээшилсэн мэт сэтгэгдлийг тєрүүлэх болжээ. Гол хүч болох компаний гишүүд нь адил төстэй үйлдвэрлэл эрхэлдэг хүмүүстэй уул­захад, өөрийнх нь компаний хүмүүс ихэвчлэн яриаг тэргүүлэн, санаач­ла­гыг гартаа авдаг болсон нь мэд­рэгд­дэг хэмээн ярихдаа тэд энэ компаний ажилчин болсноороо бахархаж байлаа.

Ихэнх хүмүүс ийм яриа сон­сохоороо бодит биш идеалист хэмээцгээдэг. Дээр танилцуулсан компаниуд ч гэсэн ийм үг их л сонсож байсан. Гэхдээ эцсийн эцэст идеалист байдлыг бодит болгон хэрэгжүүлсэн компани амжилтанд хүрч чадаж байгаа юм. Түүнчлэн энэ бүхэн “харилцаа”-ны дундаас бий болдог. Ямар удирдагч ямар ажилчинтай таарах вэ?, ямар хамтрагчтай таарах вэ? гэдэг нь амжилт болоод уналтыг шийдвэрлэх хүчин зүйлүүд болдог. Амжилтанд хүрсэн удирдагчаас гадна компанид заавал нэг зааварлагч байдаг. Та бүхний сэтгэл санаанд Монгол улсын хөгжлийн байдал тод зурагдсан болов уу? Тэр дунд хөдөлж буй таны өөрийн чинь эрч хүч мэдрэгдэж байна уу? Улс эх орондоо болон өөртөө итгэлтэй байж хүсэл мөрөөдлийнхөө үрийг суул­гаа­рай. Тэгсэн цагт та бүхний мөрөөдлийн жимс бодитойгоор цэцэглэх болно. Дэлхийд дуурсагд­сан их удирдагч Чингис хааны суут ухаан, эр зоригийг илтгэсэн их чадвартай, хязгааргүй их баялагтай, хүн амын 97% нь бичиг үсэгтэй Монгол улс агуу их зүйл бүтээн байгуулах чадвартай гэж бодож байна. Удирдагчид нь тодорхой зорилготой байж, түүнийгээ бүтээлчээр хэрэгжүүлж, олон түмэнд хүргэж байх хэрэгтэй. Итгэлийг нь хүлээхийн тулд тэд­ний үгсийг сайн сонсож, түр зуу­рын амжилтын төлөө яарах хэрэггүй, хүлээцтэй ханддаг тэсвэр хатуужилтай тууштай чанарыг харуулах хэрэгтэй. Ингэснээр Монголчууд хөгжил дэвшилд хүрэх нь гарцаагүй ээ.
http://warez.news.mn/content/39176.shtml

Дэлгэрэнгүй...

lundi 29 novembre 2010

Баян болох хамгийн гол нууцыг Харвардынхан илрүүллээ

Саятангуудын баяжсан нууцыг сонирхдоггүй, мэдэхийг хүсдэггүй хүн надтай л лав тааралдаж байгаагүй. Баяжих нууц юунд байна вэ гэдэг асуултанд хариулах зорилгоор сүүлийн арав хорин жилд хэдэн зуун ном бичигдлээ, хэдэн мянган бизнес треннинг хийгдлээ, хэдэн сая доллар ч үүний үр дүнд “хийгдлээ”. Нууцууд байх нь ч байна. Харин бусад нууцуудыг мэдээд ч олигтой юманд хүрэхгүй, хамгийн гол нууц байх шиг байна гэж Харвардын бизнес сургуулийн эрдэмтэд таамаглаад Дэлхийн бүх тивийн хүмүүсийг, амьдралын бүх давхрагыг хамарсан өргөн хүрээний судалгаа явуулж тэрхүү гол нууцын эрэлд гарчээ.

Судалгааны гол зорилго нь хүмүүсийн амьжиргааны түвшин тэдний өөрийнхөө амьдралд хандах хандлага, амьдралаа төлөвлөх, зорилго тавих байдлаас хэрхэн шалтгаалдгийг тодруулах асуудал байв. Судалгааны үр дүн харвардынханыг алмайруулав. Дэлхийн хүн амыг 4 катергорид хуваагаад тус бүрийг нь амьтны нэрээр нэрлэн судалгааны үр дүнгээ танилцуулсныг хүргэе.

Нэгдүгээр категори. “Сохор номингууд”
Дэлхийн хүн амын 27%- ыг хамарна.

Дэлхийн хөрөнгөнөөс 0 руу тэмүүлэх хувийг эзэмшиж байна.

Амьдралын зорилго, төлөвлөлтөд хандах хандлага: огт байхгүй.

Сохор номингуудыг тодорхойлох гол шинж чанар нь “тэр чигээрээ сохор” гэдгийг хүүхэд ч гэсэн мэднэ дээ. Эрдэмтэд энэ категорид гэр оронгүй тэнүүлчид, архичид, өвчтэй хүмүүс, мөрийтэй тоглогчид гэх зэргээр нийгмийн эмзэг бүлгийн хүмүүсийг оруулсан бөгөөд харамсалтай нь ямар ч хамгаалалтгүй тэтгэврийнхэн ч энд бас орсон байгаа юм. Энэ категорийн бүх хүмүүс өөрсдийнхөө өмнө ямар ч зорилго тавьдаггүй, өөрийн амьдралаа төлөвлөдөггүй, зүгээр л “идэх-уух-унтах” гэсэн байгалийн совиндоо захирагдан“урсгалаар хөвдөг” хүмүүс юм.

Хоёрдугаар категори. “Тахианууд”

Дэлхийн хүн амын 60%-ийг хамарна.

Дэлхийн хөрөнгөний 5%-ийг эзэмшиж байна.

Амьдралын зорилго, төлөвлөлтөнд хандах хандлага нь ихэнхидээ бусдын зорилгыг биелүүлэхэд оршино.

“Тахиа шиг сохор” гэсэн хэлц үгийг санаж байна уу. Тахиа зөвхөн сайн гэрэлтүүлэгтэй үед л хардаг бөгөөд орой бүрийд, ялангуяа харанхуйд харах чадвараа бүрэн алддаг. Дэлхийн хүн амын 60%-ийг хамарсан ажлын хүч гэдэг нь өөрийн дарга нарынхаа зорилго, төлөвлөгөөг биелүүлж байгаа хөлсний ажилтнууд, гэхдээ цалин авч байгаа бодит ажлын хүч (дэлхийн хөрөнгөний 5%) юм. “Тахианууд” энэ дэлхий дээрх бүх зүйлс тэднээс өмнө зохицуулагдсан гэж бодон, өөрийн “босс”-ын төлөө ажиллахаас өөр ямар ч боломжуудыг олж хардаггүй.

“Тахианууд” цалингаас цалингийн хооронд амьдрах амьдралыг орхиж, амьдралд илүү ихэд хүрэхийн тулд өөртөө зорилго тавихаас, ая тухтай байдлаа алдахаас айдаг. Яагаад айдаг вэ? Яагаад гэвэл тэд “Хүмүүс юу гэж бодох бол”, “Намайг солиорчихож гэж ярих байх”, гэж айдгаас гадна“Тэгээд ч энэ амьдралд би юунд ч хүрэхгүй”, “Надад боловсрол-мэдлэг-туршлага-мөнгө байхгүй” гэх зэргээр өөрийнхөө идэвхигүй байдлыг хамгаалдаг. Нэг үгээр хэлэхэд “тахианууд” санхүүгийн эрх чөлөөнд хүрэхийн төлөөх арга замыг хайхын оронд өөрийнхөө “хөдөлгөөнгүй” байдлыг зөвтгөхийг урьтал болгодог. “Chicken” гэдэг нь америкчуудын ярианы хэлэнд “аймхай”, “сэтгэлгүй” гэдгийг мөн илэрхийлдэг юм.

Энд хэлэхэд “Хэн эрсдэл хийхгүй байна, тэр шампан дарс уухгүй” гэсэн хэллэг нь зөвхөн “тахианууд”-д хамаарагдана. “Тахиа” өөрийн азандаа найдан, амьдралд ямар ч тодорхой зорилго, төлөвлөгөөгүйгээр их зүйлд хүрэхийг хүсээд, энэ нь биелэх үед (сайхан амьдралын биелэл - мөнгө бий болно) сэхүүн гэгчээр толгойгоо өргөн “Хэн эрсдэл хийхгүй байна, тэр шампан дарс уухгүй” гэж хэлдэг юм. Эсрэг тохиолдолд харцаа буруулан, гараа савчиж, “тэрбумтны гэрт төрөөгүй минь азгүй еэ” хэмээн үглэж, зүгээр л өөрийгөө зөвтгөх гэж оролдоно.

Гуравдугаар категори “Сармагчингууд”

Дэлхийн хүн амын 10%-ийг хамарна.

Дэлхийн хөрөнгөний 15%-ийг эзэмшиж байна.

Амьдралын зорилго, төлөвлөлт: Зорилгоо нарийн тодорхойлдог, өөрийн амьдралаа
тодорхой төлөвлөдөг, өөрийгөө харуулах өндөр эрмэлзэлтэй.
Сармагчингийн хараа ямар билээ? Ямар ч асуудалгүй, сармагчингууд өдөр ч, шөнө ч сайн хардаг. Ямар ч байсан эрдэмтэд үүнийг няцаагаагүй л байгаа. Гэхдээ сармагчинд бусдыг дууриах нэгэн онцлог шинж чанар бий (үүнээс “сармагчин мэт” гэсэн хэллэг үүссэн). Тэд хэнийг дууриадаг вэ? “Тахианууд”-ыг уу? Үгүй байхаа. Тэд энэ жагсаалтын хамгийн сүүлд байгаа нөхдүүдийг дууриадаг.

“Сармагчингууд” гэсэн категорид Харвардын эрдэмтэд тодорхой авъяас эзэмшсэн хүмүүс – шоу бизнес, театр, кино жүжигчид, улс төрчид, тамирчдыг хамруулжээ. Тэд бүгдээрээ зорилгодоо хүрэхийн тулд өөрсдийн амьдралаа нарийн төлөвлөх шаардлагатай хүмүүс байдаг. Тэд шийдвэрлэх мөчид (хэрэв жүжигчин бол - концерт, тамирчин бол - тэмцээн) нормондоо байхын тулд өөрсдийн өдөр сараа цаг минутаар нь төлөвлөж ажилладаг. Үүний үр дүнд тэд амжилт гаргадаг. Тэдний амжилт гэв гэнэт, тохиодлоор ирдэггүй. “Сармагчин”-гийн амжилт – энэ бол хоорондоо холбоотой, дараалсан, сайн төлөвлөгдсөн үйл явцуудын хэлхээ юм. “Сармагчин” – гуудын хөрөнгийн ихэнхи хэсэг нь ажлын хөлс биш, харин шагнал урамшуулал байдаг. Ингээд “сармагчингууд” хэнийг дууриаж байна вэ? Цаг хугацаа, орон зайг хэн нэвт харж байна вэ?

Дөрөвдүгээр категори “Муурууд”

Дэлхийн хүн амын 3%-ийг хамарна.

Дэлхийн хөрөнгөний 80%-ийг эзэмшиж байна.

Амьдралын зорилго, төлөвлөлт: Бүх амьдралынхаа турш өөртөө зорилго тавина,
түүнийгээ биелүүлэх арга замыг нарийн төлөвлөнө, үргэлж амжилтанд хүрнэ.
Мууруудын хараа сайн билүү? Өө, тэгэлгүй яах вэ. Зөвхөн ийм учраас л “муурууд” бусдын байгаа газраас өөр газарт үйл ажиллагаа явуулахыг илүүд үздэг юм. Тэд хэн ч олж харахгүй байгаа талбарыг сонгон авч, түүнийгээ эхнээс нь эхэлж, хөгжүүлээд, дараа нь өөрсдийн хүрсэн өндөрлөгөө бусдад нээлттэй болгож өгдөг. Зохион бүтээж байгаад нь өөрөөс нь өөр хэн ч итгэхгүй байсан Майкрософтыг үүсгэн байгуулагч Билл Гейтсийг санацгаа даа. Бас 100 жилийн өмнө “Макдональдс” түргэн хоолны цэгийг үүсгэн байгуулж, тэр нь одоо бүх дэлхийн хэмжээгээр түгэн дэлгэрч, ой ухаанд ч ормооргүй их ашиг авчирч байгаа Ричард Макдональдсыг санаарай. Интернет, “Google” “Одноклассники.ру” үүрэн холбоо гэх зэрэг технологийн дэвшлийн үндэслэгчдийг санацгаая.

Тэдний тухай эргэн тойрны хүмүүс юу гэж бодож байгаа нь“Муурууд”-д огтхон ч сонин биш, тэд хэнээс ч хамааралгүй амьдардаг, ямар ч саад бэрхшээлээс айдаггүй, тэд өөрийн зорьсон зорилгодоо хүрэхээр итгэлтэйгээр явдаг. “Муурууд”-ын хөрөнгөнд ажлын хөлс гэж байдаггүй, тэд мөнгөний төлөө ажилладаггүй, тэд зүгээр л өөрийн амьдралдаа дуртай зүйлээ хийнгээ, түүнийгээ мөнгө болгодог ба энэ нь зарчмын хувьд өөр,орлогын идэвхигүй эх үүсвэр юм.


Энэ категориудын алинд нь та байна вэ? Та одоогийнхоо санхүүгийн байдалд сэтгэл хангалуун байна уу? (эсвэл хангалуун бус). Байдлыг сайнаар өөрчлөхийг хүсч байна уу? Харвардын бизнесийн сургуулийн эрдэмтдийн үзэж байгаагаар амьдралдаа амжилтанд хүрэхийн тулд ертөнцийг үзэх үзэл бодлоо өөрчлөхөөс эхлэх хэрэгтэй юм байна. Тэдний зөв ч байх. Дэлхийн хүн амын 13 - хан хувь нь дэлхийн бүх баялгийн 95%-ыг эзэмшиж байна гээд бодоод үз дээ? Би тэдний нэг болохыг хүсч байна. Харин та?

Ертөнцийг шинээр, “сармагчин”-гийн, бүр илүүтэйгээр “муур”-ын нүдээр харахаар шийдсэн хүн бүхэнд ертөнцийг үзэх үзлээ өөрчлөх зам тань хөнгөн, дарамтгүй, тохиолдсон саад бэрхшээлүүд таныг улам хүчирхэг, өөртөө итгэлтэй болгон хурцалж, санхүүгийн эрх чөлөөнд хүрэхэд тань хүч, тэвчээр хангалттай байх болтугай гэж хүсэн ерөөе.
Орчуулсан Б. Батбаяр, www.orosshkolton.mn

Дэлгэрэнгүй...

samedi 27 novembre 2010

Одоогоос 5500 орчим жилийн тэртээд хамаарах гутал олдлоо

Дэлхийд хамгийн эртнийд хамаарах арьсан гутал Армен улсаас олдлоо. Та энэ сонирхолтой мэдээллийг фото зургийн хамт энд дарж үзнэ үү.
Дэлгэрэнгүй...

mardi 23 novembre 2010

Ухаант үгс

- Хэл бол цахиур, үг бол оч юм. Нийлээд түймэр асааж мэднэ. Болгоомжтой ярьцгааж бай, та минь.
Э.М.Капиев

- Уулзсан хүнийхээ ухаанд нь тааруулж ярь.
Саади

- Олон дахин бодож ганц удаа шийдвэр гаргах нь зүйтэй.
- Үг зүрхнээс гарч, зүрхэнд тусна.
Низами

- Сонсох урлаг сайн ярих урлагтай бараг эн тэнцдэг.
П.Буаст
- Суут хүн гагцхүү эрх чөлөөний агаар дунд л уужим амьсгалж чадна.
Жон Милль

- Сайхан сэтгэл бол хэлгүй хүмүүс ярьж чаддаг, дүлий хүмүүс сонсож чаддаг хэл билээ.
Кристиан Боуви
- Хүний уран сэтгэмжээс илүү эрх чөлөөтэй юм юу сан билээ?
Хьюм

- Хүнийг уйлуулъя гэвэл өөрөө уйл.
Гораций
- Гай зовлонгийн өмнөөс ухарч болохгүй, харин түүний өөдөөс шулуухан явах хэрэгтэй.
- Амьдарч байхдаа үхлийг хүсэх нь үхэх цаг болоход амьдралын тухай шаналдаг шиг хулчгар явдал болой.
- Юуны ч тухай асуудаггүй хүн юу ч сурдаггүй.
- Ихийг мэдэхээс сайныг мэдэх нь чухал.
- Зүрх сэтгэл бол агуу зүйлсийн хөшүүрэг мөн.
-Тэсвэргүй сул доройтнууд чанга, сахилгатай хүмүүсийн үнэгүй олдгийг их үнээр олж авдаг.
Франц үг
- Илүү их амжилтанд хүрэх чадвар хүн бүрт бий. Зөвхөн үүнийгээ л илрүүлэх хэрэгтэй.

- Алт мөнгийг гангаар шалгадаг шиг хүмүүнийг магтаалаар сорино.
Соломон хаан
- Өөрийгөө бүү магт. Өрөөлд түүнийгээ даатга.

Дэлгэрэнгүй...

dimanche 24 octobre 2010

Уулын аялал

Өнгөрсөн 9-р сард амралтын өдрүүдээр нөхдийн хамт хотоос гарч нэг өдрийн уулын явган аялал хийв.
Тулуз хотоос 170 км орчим явж Испаний хойд хэсэгтэй хил залгаа Hautes-Pyrénées бүсэд хамаарах Pays des nestes хэмээх газар очлоо. Үнэхээр сайхан байгалтай газар байлаа.
Та бүхэнд авсан зургуудаасаа танилцуулваас:

Хүрэх газартаа ирэв. Үдийн хоолны өмнө


Урсгал үгүй гол, нугас шувууны жаргалын орон



Шүхэрчид дээрээс бууж байна. Нэг удаагийн буулт нь 70 евро. Жоохон үнэтэй юм шиг санагдсан. Гэхдээ хүмүүс их л бууж байлээ.


Урсгал ширүүн бяцхан горхи


Ургаа уулын хад. Нутгийн иргэд энэхүү хадан чулуугаар хашаа байшин, саравч зэргийн зүйлсээ бардаг. Хуучны байшингууд нь бүгд шахуу энэхүү чулуугаар баригдсан байдаг юм билээ.


Нуур болон уулс, зарим уулсын энгэр тохойд нь цас хайлаагүй хэвээрээ байж байсан шүү.

Уулын сүүдэр нууранд



Дундад зууны шилтгээн, жижиг толгойн орой дээр



Нутгийн иргэд их ажилласаг хүмүүс байсан


Энэ уул руу чинь мацлаа шүү дээ


Гарах бэлтгэл хангагдав


Бяцхан төөрөлт. гэхдээ замаа олоход амархан байсан. Замын тэмдэглэл сайтай байсан учир. Явахад бэрх замууд бас байсан.


Эсрэг талын уул


Дээр гарсан нөгөө нуур. Ийм жоохон харагдаж байна шүү дээ. Өглөө авираад үдээс хойш бууж ирэв. замдаа эмээ өвөө нартай л их дайралдав. Тэд харин биднээс илүү хөл хөнгөн байсан шүү. Бүүр нэг эмгэн өвгөн хоёр цааш явж дараагийн отог дээр очиж хононо гэж байгаа юм даа. Бид харин барайсан баагийнууд буусан даа. дараагийн удаа бол бэлтгэлээ сайн хангамаар юм билээ.

Ням гаригт гэрийн зүг. Энэ зам чигээрээ Испан ордог зам.


Үнэхээр сайхан байгалтай газар байсан. жуулчид их байсан.


За нэг иймэрхүү байна. Сүүлийн үеийн мэдээ гэвэл сая 10-р сард монгол бичгийн жижиг хэмжээний үзэсгэлэн гарсан ба амжиллтай болсон, ирэх 11-р сарын эхээр Ветнам руу 14 хоногийн аялалд явлаа.
Блог хөтлөн гэдэг завтай хүний ажил юмаа. Цаг их зарцуулах юм. Бас нэг ийм блогтойг та бүхэн мэдэх бил үү. http://monarcheo.blogspot.com Цаг зав муутай ч гэсэн мэдээлэл бүрээ орхигдуулахгүй та бүхэнд хүргэсээр байх болно. харин Та сувгаа бүү солиорой.


Дэлгэрэнгүй...