jeudi 29 avril 2010

Полшийн ерөнхийлөгч асан Л.Качинский

Саяхан болсон агаарын тээврийн нэгэн томоохон осол аваар бол яахын аргагүй Полшийн ерөнхийлөгч асан Л.Качинский болон түүний эхнэр, бусад төрийн өндөр албан тушаалтнуудын сууж явсан Ту-154 нисэх онгоц Оросын Смоленск хотын ойр осолдсон явдал байлаа. Энэ бол яахын аргагүй эмгэнэлт хэрэг. Миний хувьд бол төрийн тэргүүн нь онгоцны осолоор амь үрэгдэж буйг сонсож буй анхны тохиолдол юм. Үүнийг сонсоод миний таньдаг танил полш оюутан маань санаанд оров.
Уулзаад л би хэллээ. Ерөнхийлөгч чинь онгоцны осолоор амь үрэгдсэнд туйлын харамсаж байгаагаа илэрхийлж байна, үнэхээр золгүй явдал болжээ гэлээ. Нөгөө полш оюутан маань ч гэсэн, тиймээ гэхдээ санаа зоволтгүй гээд л бараг л юу ч болоогүй юм шиг байнаааааааа. Би гайхлаа. Тэгсэн нөгөөдөх маань яг л урдийн байдаг шигээ инээгээд л, ер харамсаж, эмэгнэж буй шинж алгаа. Би бүр гайхаж орхилоо. Бүхэл бүтэн улсын тэргүүн нь амь үрэгдчихээд байхад. Би л өөрийн улсын ерөнхийлөгч биш байтал, өмнөөс нь эмгэнээд байхад нөхөр тоож буй шинж алгаа. Дахиад л асуулаа. Чамд ямар нэг өөрчлөлт мэдрэгдэхгүй байна уу, улсын тэргүүн чинь чадарчихлаа шүү дээ гэтэл. Харин тийм, би уйтгартай байна. Гэхдээ зүгээрээ гээд ёстой авч хэлэцдгүй. Тэгсэн нөхөр улаан улс төрч, зүүний чигийг баримтлагч, ерөнхийлөгч асан Л.Качинский барууны чигийг баримтлагч байж л дээ. Тиймээс нөхөрт эмэгнэн гашуудад байх зүйл байхгүй байсан бололтой.
Ерөнхийлөгч асан Л.Качинскийн тухай туйлын товч :
Тэрээр 1949.06.18-нд Варшав хотод ихэрийн өрөөсөн болон мэндэлжээ.
1962 онд өөрийн ихэр дүү болох Жаравлогийн хамт Полшийн нэгэн түүхийн сэдэвт кинонд тогложээ.
1989.06-р сард Синатад сонгогдон оржээ.
2000 оноос хууль зүйн яамны сайд
2002 онд Варшав хотын захирагч
2005.10.23 – 2010.04.10 Бүгд Найрамдах Полш улсын ерөнхийлөгч.

Яаж ч бодсон ямар л олиг байв гэж. Ядаж ганцаараа явсан бол дүүрч. Эхнэр, за тэгээд хажууд нь төрийн өндөр албан тушаалтнуудаа хавчуулчихсан.
Манай авилгалчид бөөндөө энгэж яваад нэг осолдоосож, авилгалчдыг нь зочроож, ард түмнийг баярлуулдаггүй юм байх даа.

Дэлгэрэнгүй...

mardi 27 avril 2010

Монголоос дэлхий дахинд нетээр юу зарвал зүгээр вэ?

Ийм нэгэн нэртэй асуултийг нэг жилийн өмнө Бизнэтэд Б.Батбаяр гэдэг гишүүн тавьсан байсныг би саяхан харлаа. Хүмүүс янз бүрийн л санаа гаргаж ирсэн байсан. Хэрэгжүүлж болохуйц зүйл ч гэсэн харагдаж л байсан. би ч бас саналаа нэмэрлэсэн. Хэрэв та гадаадад аль эсвэл ах дүү, амраг садан за тэгээд хэнд ч байсан хэрэгтэй байж магад. Тиймээс бүрэн эхээр нь оруулаа. Давхардсан хариултуудыг хасав.
------------------------------------------------------------------------------------

Монголоос дэлхий дахинд нетээр юу зарвал зүгээр вэ?
Өнгөрсөн хагас сайнд би хэд хэдэн хүнтэй хамтарч бизнес хийх талаар уулзалт хийлээ л дээ. Тэгсэн интернет дэлгүүртэй нэг нь `Монголоос хүн энийг л заавал авах хэрэгтэй, гэчихээр юм юу байдаг вэ?` гэж асуулаа. Хамгийн түрүүн `Ноолууран бүтээгдэхүүн л` гэж орж ирлээ. Сүүлд бодохнээ ноолууран бүтээгдэхүүн чинь бас харьцангуй үнэтэй, бас нээх түгээмэл биш санагдаад.

Тийм болохоор бизнетийнхнээсээ асуухаар шийдлээ:

1) Та Монголоос дэлхийн бусад хүмүүс юу худалдаж авбал зүйтэй гэж бодсон 5 бараагаа бичнэ үү? Яагаад?
2) Мөн 5 хүнсний бүтээгдэхүүнээ бичнэ үү? Яагаад?

Мэдээж хил давуулахад элдэв гааль, худалдааний татвар, тээврийн зардал гээд л зөндөө юм байна. Гэхдээ эдгээрийг тооцохгүйгээр дээрх хоёр асуултанд хариулна уу? Баярлалаа.

Хариултууд:
1. Кашмер (замын зардалтайгаа нийлээд тэндэхээсээ хямдхан байхар)
2. Уран зураг, уран бичээс
3. Гар урлалын бүтээл
4. Бэлэг дурсгалын зүйлс
5. Цэвэр ширэн эдлэл - гоёмсог түрийвч, загасчин/мужааны багажны цүнх зэрэг...
6. Байгалийн жамц давс - дорно дахины гал тогоонд элдэв амтлагч соусаа маш жижиг цөгцөнд хийчихээд түүхий загас, наймаалжаа дүрж иддэг. Тэрийг нь жамц давсаар хийгээд тавичуул яадгийн... Үнсний сав ч юм уу?
7. Эсгий урлал - гоёмсог хэрнээ дулаахан малгай ба гэрийн шаахай, энэ 2-ын хооронд байж болох бүх хувцас хэрэглэлэл...
8. Монгол хувцас /дээл, хантааз, гутал гэх мэт/
9. Монгол ахуйн хэрэглэл /домбо, /
10. Тавилга болон гэр /хээтэй арслантай авдар, ширээ сандал гэх мэт/
11. Сүхбаатарын хөшөөтэй сувинер /Чингис хааны морьт хөшөөтэй ч байж болно /металлаар хийсэн бол илүү сайн/
12. Ном /МНТ, ЖАНГАР гэх мэт номуудыг гадаад хэл дээр онлайн хэлбэрээр нь зарвал ч/
13. Жамц давс /банндаа хийж ордог улс орнуудад, голчлон Япончууд/
14. Архи /мэдээж экспорт энээ тэрээ татавар бүгдийг тооцно, бүрдүүлнэ/
15. Борцтой шөл /Гадаадынханд зориулсан байдлаар амт чанар, гэх мэтийг нь харгалзах/
16. Ааруул /хэвэнд оруулсан янз бүрийн хэлбэртэй ааруул/
17. Чацаргана

Интернэт-р худалдана гэхэд хүндрэлтэй байх. Харин цаанаа түнштэй бол ч эдгээр бүтээгдэхүүн эрэлт бий болгох байх гэж бодож байна.
18. Хуучны зоос
19. Шуудангийн марк
20. Уламжлалт хөгжмийн зэмсэг, тэнд нь заадаг байх хэрэгтэй болов уу
21. Арьсан эдлэл. /Тухайн газрынхаа соёл, дизайнд нийцүүлээд/
22. Хивс /сайн чанарын хивсийг их сонирхоно. Үнэхээр гаргавал маркетингийг нь хийлцэж өгч болно./
23. Байгалын цэвэр бүтээгдэхүүн л зарж болох юм байна. эсвэл маш их хөдөлмөр шингэсэн гар урлалын зүйлс. Миний мэдэхээр 1 эгч маш гоё жижигхэн олон өнгийн зүүлтийг уйгагуй хөдөлмөрөөрөө утсаар хэлхэж гоёмсог цүнх түрийвч хийгээд германд байдаг дүүдээ өгч явуулдаг. Тэгээд тэндээсээ бараг 80-100 еврогоор зардаг юм билээ. Тиймэрхүү гар урлалын зүйл эрхэлдэг хүмүүсийг нэгтгэх хэрэгтэй байх.
24. Бид өөрт байгаа зарагдах болов уу гэснээ нэрлэж байх шиг байна. Гадныхан манайхаас юуг худ/авах сонирхолтой байдагын бол до.
25. Төрөл бурийн онсон болон модон тоглоомнууд
26. Жижиг оврийн Монгол Тавилга гм..
27. Гүйлгээний болон дурсгалын мөнгөн зоос, цаасан төгрөг
28. Монголын шуудангийн марк, ил захидал
29. Эртний гар урлалын бүтээлүүд, хуучин эдлэл хэрэглэл
30. Сийлбэр гэр
31. Үндэсний хөгжминй зэмсэг: Морин хуур, ятга, аман хуур /төмөр хуур/,
32. Хийлдэг гэр - inflattable yurt
33. мазаалай, тэмээний сувэнир, зурагтай подвалк
34. гоёлын дээл, малгайнууд
35. гадаадад байгаа монголчуудын хувьд архи, ноолуур, хаан суутэй цай, монгол сонин, ном, тамхи, чихэр бол их сайн борлогддог.
36. ерөнхнийдөө дэлхий дахинд байхгүй монголын үндэсний үйлдбэрийн онцгой зүйл зарах хэрэгтэй. мөн удаан хэрэглээний чанартай байх ёстой. мөн юугаараа баян юүгаараа бахархадаг орон билээ монгол гэсэн утгийг агуулсан байх ёстой
1.монгол шатар
2. монгол бичгийн урлагийн бүтээл
3. эсгий сийлбэр
3. арьсан бух турлийн бүтээгдэхүүн
4. монголын түүхэн оньсон тоглоомууд
5. монгол үйлдвэрийн төрөл бүрийн сувинер, жижиг зүүлт
6. дээл, дээлэн хантааз гэх монгол ундэсний хувцаснууд
7. хөөрөг, мөнгөн аяга гэx алтан мөнгөн эдлэл
8. модон сийлбэр (морь, тэмээ, хонь,ямаа, монгол дээлтэй хүн, монгол гэр...............)
9. монгол уран зураг
10. архи энэ тэр гээд яриад байвал их олон зүйлс байна.та сэтгэж зүтгэж чадвал их ашигтай л наймаа болно доо таньд амжилт хүсэе!!
нэг зүйл анхааруулж хэлэхэд хүнсний зүйлс(чицгаран. мойль..........) нетээр хэзээч зарагдахгүй шүү
37. Монгол дуу уртын болон богино орчин үеийн
2, Монгол кино English subtitle
3, Монгол ном болж өгвөл English дээр
4, Чингэс болон хаадын хөрөг зураг , түүх
5, Монгол хувцас эдлэл (Нээх гоё дээл үнэгэн малгай хэт хутга гээд)

Нэг иймэрхүү тэрнээс биш хоол унд явцгүй байхаа харин захиалгаар хүссэн сонирхосон зүйлийг нь олж өгдөг бол болно
38. нум сум
39. европчууд гар хийцийн гутал цүнх мэтийг их сонирхдог юм билээ бидэнд бол ашигтай тэд нэг их загвар энэ тэр гэж гол болгодоггүй хамгийн гол нь хүний гараараа сэтгэл шингэж орсон гэсэн утгаар сайн үнэлдэг юм билээ манайхан гэрээний ажилчин гэх журмаар олон хүн европт очиж ажилладаг зарим нь ах дүү анд найз гээд олон хүнийг татдаг миний бодлоор цөмөөрөө хийсэн юмаа гадныханд заръя борлуулна гэж зовж байхаар хийж чаддаг хүмүүсээ дэлхийгээр нэг тарааж болно шүү дээ
40. хорхой ааруул
41. Ховор өвс ургамлууд - тэртээ тэрэнгүй хятад/солонгосууд ирж түүгээд цааш нь үнэ хүргээд байхад.

гэх саналууд байна даа. Ер нь бол надад бүгд л боломжийн санагдсан. Гэхдээ хэрхэн гаргах вэ. Хууль дүрэм, тээвэр зуучлал гээд л бусад асуудлаа эхлээд сайн шийдэх хэрэгтэй шиг санагдсан.
Таалагдсан бол та ч гэсэн саналаа нэмэрлээрэй.


Дэлгэрэнгүй...

Нэгэн шүлэг

Хогоо ухаж байсан чинь нэг ийм шүлэг гараад ирлээ. Уншсан чинь их давгүй шүлэг шиг санагдлаа. Тэгэхээр нь блогтоо тавчихлаа. Та заавал уншаарай. Бодууштай л юм. За тэгээд үүнээс цааш, түүнээс хойш тэнгэр шиг байна биз дээ. Хэн гээч аавын охин, ээжийн хүү бичсэнийг нь мэдсэнгүй.
Цаана ч гэсэн хэдэн шүлгүүд үлдлээ. Цувралаар оруулна. Үнэхээр зүрхний гүндэх унтаахайг сэрээсэн шүлгүүд байдаг шүү дээ. Нэг уншчихад нэг хэсэгтээ л муухан эмнээс хамаагүй дээр шүү дээ.
------------------------------------------------------------------------------------------------
Ямагт чиний зөв байх албагүй , сайтар тунгаа
Ярьж хэлэх , хөдлөх бүхнээ өерөө хяна , сэтгэ
Хүсэл бүхэн биелэх албагүй , чандалж хорь,
Хүрэхийн эцэсгүй тэнгэр шиг бай, үнэнийг тэмтэр!…
Хамаг бүгдээр чамайг
Харааж нулимж байвч, тэнгэр шиг бай!
Хамгийн сайн хүмүүс гэж
Хашгирч ерөөж байвч, тэнгэр шиг бай!

Тэвчээр барагдаж, нөхөд чинь орхивч
Тэнгэр шиг бай, мөнхөд амгалан…
Тэргэнд суулгаж, алтан титэм өмсгөвч
Тэнгэр шиг бай, юу ч болоогүй юм шиг…

Хамгийн хайртай хүн чинь хаяж одсон ч
Хан тэнгэр нурчхаагүй цагт, бүү зов!
Гүтгэж, доромжилж бахаа ганц хангавч
Гүн тэнгэр хэмхрээгүй цагт, бүү ай!

Өвчин зовлонд нэрвэгдэж, тартагтаа тулавч
Өнө мөнхийн тэнгэр шиг бай, чи ялна
Өрөөл бусдад тоогдохоо байж, мартагдавч
Өндөр тэнгэр дээр чинь цэлийж буйг бүү март!

Яг л амьдрал чинь дуусаж, явах замгүй болсон ч
Яадгаан алдалгүй хүлээ, тэнгэр шиг бай!
Яруухан санаа мехөсдөж, хулгай зэлгийд өртсөн ч
Ядмагхан амьтдыг бүү тоо, тэнгэр шиг бай

Олз омог чамд үүдээ хаасан ч тэнгэр шиг бай
Олон түмэн нүүрээ буруулсан ч тэнгэр шиг бай
Одод гялалзаж, наран саран ээлжлэх цагт
Орчлон дээр аавын хүү шантрах ёсгүй!…

Уур омог урин мунхгийг мартаж, тэнгэр шиг бай
Уйтан хорвоогоос илүү гарч, жигүүрээ дэлгэ…
Цөхрөл чамайг багалзуурдаж, цөлийн чоно шиг болгосон ч
Цөс ихтэй хүний үр гэдгээн бүү мартаарай!…

Цорын ганц хүү минь, бас охид минь, хүүхдүүд минь
Цохолж ирэх үйлийн үрээс бүү зугт, бүү ай!…
Хувь заяатай ямагт эвлэрч, тэвчээртэй бай…
Хуучин цагийн мэргэд хүлээж сурсан юм шүү!…

Орох оронгүй болсон цагтаа орчлонг бүхэлд нь олно, чи!
Онцлох нөхөргүй болсон цагтаа , хүнийг бас ойлгоно чи !
Аз жаргал ирнэ гэвч , удалгүй алга болдог юм
Аюул зовлон тохионо гэвч , төдөлгүй арилдаг юм …

Жамаараа ертөнцөд юм бүхэн өдөр , шөнө шиг ээлжилнэ
Жаргал зовлонгийн алинд ч , мөнх тэнгэр шиг бай !…
Атаатан түмэндээ мууг үйлдэвч , хариуд нь сайныг бүтээ .
Ариун сэтгэлийн нугад буяны цэцэгс дэлгэрдэг юм …

Юм бүхэнд өөрийн цаг буй, сөрөөд нэмэргүй
Юлд атгасан хүн тулаанд хэрэгтэй, хуриманд нэмэргүй
Нохой болохоос нь өмнө гөлгийг хазаж хэмлэдэг юм…
Ноён болохоос нь өмне хөвгүүнийг басаж доромжилдог юм

Самуун дэгдээгчид үйлээн тайван хийг
Сандарч тэвдэх хэрэггүй тэнгэр шиг бай !
Салхи цагаан болохоор бүхнийг хийсгэдэг юм
Саваагүй амьтдын зиндаанд бүү уна !…

Эрх мэдэлтэй хүн хилэнц нүглээс зайлахгүй
Эд баялагтай хүн хүсэл шуналаас хагацахгүй
Ертөнцийн бүх юм хэмжээтэйг бүү март
Ер цагаа болохоор хумхийн тоос шиг сарнина

Энгийн хүн ардад ээлтэй бай, хайртай бай
Элдэв бусармаг явдалд бүү орооцолд!…
Үнэтэй цайтай бүхнээ бусдад өгч сур, бүү харамс
Үүрд оршихгүйн учир тус болох үйл бүтээ!…

Гаднаан ямагт бусдаас доорд бай, даруу бай
Гайхуулах хэрэггүй, дотроон тэнгэр мэт агуу бай!
Үг яриа хэрэггүй газарт харцаараа өгүүлж сур,
Үнэн худлыг ялгах аргагүй цагт бурхандаа залбир!

Өнөөдөр чамайг маргааш бусдыг хуурах хүмүүст
Өөр шигээ бүү итгэ, мөрийг хөөж чигийг барь!…
Хүү минь, хамгийн эцэст хэлэхэд нохой явдлыг дээдэл
Хүлцэн тэвчихээс илүү гавьяаг би мэдэхгүй!…

Дэлгэрэнгүй...

lundi 26 avril 2010

Хоёр түрк

Надтай хамт нэгэн түрк залуу хэлний курст явдаг байв. Дуу цөөтэй. Би ярих гэж үзнэ. Ер нь бол ярихгүй шүү. Би ч за за ер нь дуу муутай залуу байна даа гэж бодож байлаа. Нилээд хэд хоногийн дараа бас нэгэн түрк залуу хэлний курст маань нэмэгдэн ирэв. Харин тэр нилээд хөдөлгөөтэй, дуу шуутай маягийн нөхөр байлаа. Би ч за нөгөө дуу муутай турк анд маань хэл нэгтэй найзтай боллоо гэж дотроо өөрөө хэл нэгтэнтэйгээ таарсан шиг л баяртай байлаа.
Намайг хүмүүс монгол гэхээр Чингис хаанаар л дүрслэнэ шүү дээ. Би ч өөдөөс нь тиймээ, би Чингис хааны үр сад байна, ийм тийм гээд л ярина. Хүний нутагт байгаа хүн байна даа, цовоо цоргиун байх хэрэгтэй биз дээ.
Хэд хоногийн дараа нь шинээр ирсэн түрктэй хичээлээ тараад хамт метро руу явдаг юмаа. Нөхөр намайг бодвол машинтай. Тэгээд салахдаа найзаа Чингис бол түрк хүн шүү дээ гэдийн. Би үгүйдээ Чингис хаан бол монгол хүн гэв. Тэр өдөр тэгээд л саллаа. Би ч сүйдтэй зүйл бодсонгүй, мартагнав.
Маргааш нь хичээлийн завсарлагаанаар нөгөө хоёр түрк хүрээд ирлээ. Тэгээд өчигдөр надад хэлсэн нөхөр дахин өчигдөрийн хэлснээ надад давтан хэлэв. Би тоглож байна уу гэтэл нөгөө барагтай бол үг гардаггүй түрк чинь хажуугаас Гүнба чи мэдэхгүй байна, Чингис бол Түрк хүн шүү дээ гэж байна.
Би хариуд нь та хоёр надаар тоглоод байна тийм үү, анх удаа л би Чингис хаан түрк гэж сонсож байна. Та хоёр хаанаас ч ямар ч хүнээс асуусан монгол хүн гэж хэлнэ дээ гэлээ. Гэтэл нөгөө үг хэлтэй Түрк: монголчууд ч гэсэн түрк, чиний мэргэжил, чи мэдэх ёстой, ном сонин үз ухааны юм өөдөөс хэлж байна. Гэнэт миний уур хүрээд явчихлаа. Соёлтойгоор хэлэх ч хүсэл төрсөнгүй, та хоёр юу солиороод байгаа новш вэ л гэлээ. Би мэдээд хэлж байна. Чнгис бол Монгол хүн. Харин та хоёр ном сонин, нэтээс үз. Чингис гээд л хайгаад үз. Ямар улс гарч ирэх нь вэ. Дахин надтай энэ талаар ярих гэвэл амаа татсан чинь дээр шүү л гэлээ.
Харин дараа нь ёстой Чингисийн талаар дугарахаа болсон доо. Тэр өмнө нь байсан дуу муутай доожоо муутай амьсгаа байна. Өмнө л барагтай бол яридгүй байсан, тэгээд тэр надад хэлсэн үгээ тэрний чанга тод хэлж байгаа гэж. Түүнээс хойш би ч түүнд хичээлд нь тусалхаа болсон. Дуу муутай, дотуур амьсгатай хогын нөхөр байлаа. Та бүгд ч гэсэн мэдэж байгаа биз дээ. Нилээд дээр бас түркийн нэгэн сэтгүүлч “Монгол түркээс 20 мянган эрэгтэйг хүргэн болгон авах гэж байна” хэмээн нэгэн нийтлэл хэвлэлд хэнэг ч үгүй нийтэлсэн байсан биз дээ. Үүнээс хойш, түүнээс цааш энэ түркүүд хүн муутай хүмүүс шиг санагдах болсон шүү.

Дэлгэрэнгүй...

lundi 12 avril 2010

МОНГОЛ БИЧИГ МИНЬ УУ

За сүрхий хэл шинжээч хүн биш чиг гэлээ, өөрийн үндэсний босоо бичиг болох монгол бичгийнхээ талаар өөрийн бодон санан явдаг зүйлээ та бүхэнтэйгээ хуваалц юу хэмээн бодлуу.
Надтай ойролцоо, бидний үеийн залуучууд ихэнх нь л анх сургуулийн босгоор бүдчин ороод л уйгаржин монгол бичгээрээ "А" үсгээ заалагсан даа.
Тухайн үед Алунгаа эхийн 5 хүүгээ тойруулан суулгасан зурагтай цагаан толгойн ном байсан шиг санагдана. Молом мал эмнэв. Ману мал олан болба. Тал-у нутаг дур тэмээгээ олан г.м цагаан толгой ном дээрх бүхий л жижиг сэдвүүдийг цээжилдэг байж билээ. Багш байнга уншуулна. цээжилцэн нөхдүүд яахав, унших биш зүгээр яриад явчина шүү дээ. Ангидаа хамгийн цэвэр бичигтэн, ангийн хамгийн түргэн уншигч, цээж бичгийн аварга гээд л цол, гуншинтангууд цөөнгүй байсан даа. бараг л анги бүрт байдаг байсан байхаа. Би цэвэр бичгийн аврага байлаа шүү дээ ангидаа.
Бас болоогүй ТҮ-ээр Чоймоо багшийн монгол бичгийн хичээлийг алгасалгүй үздэг байж дээ. Чоймоо багш үнэхээр гайхалтай заадаг, мөн үнэхээр гоё бичдэг байсан нь одоо ч нүдэнд харагдана.
За тэгээд яг хэддүгээр ангиас билээ дээ санадгүй, кирил бичиг рүү шилждэг юмаа. Монгол бичиг, кирил бичгийн үсэг, дуудлага, бичлэг, уншлага гээд л бараг бүгд тэс ондоо. Тухайн үед надад кирил бичиг их л хэцүү шиг санагдаж байсан. Бусад хүүхдүүдэд ч гэсэн адил байсан байхаа. Цээж бичиг хийсний дараа дэвтэр улаан цоохор болоод л ирдэг байв. Бид нар сонсож буй үгээ хуучин монгол бичгээрээ төсөөлөн галиглан бичиж их алддаг байсан шиг санагдана.
За тэгээд кирил бичигтээ тасаад, ойлгоод уншиж бичдэг болоод гайгүй болжэээээ байтал анги, орос хэл нэмээд ороод ирэв. Тэр үед яасан ч зоргоо байсийн багш нар, журналын дундуур хоёр хуваагаад л 30 хүүхэдтэй анги байлаа гэхэд эхний 15 нь анги хэлны групп, сүүлийн 15 нь орос хэлний групп гээд л хуваагаад л крил бичгээ бүрэн сурч ойлгож амжаанггүй л харь хэлтэй золгосон доо.
Энэ мэтчлэнгээр манай үеийнхэн өөрсдийгөө бид хэлмэгдсэн үеийнхэн монгол бичиг ч байхгүй, крил ч муу, гадаад бас ч муу гээд л өөрсдийгөө хөөрхөн аваад гарчна. Би ч ялгаагүй аль алинд нь муу, та нар харж байгаа биз дээ. Кирилээр бичих гэж түмэн алдаа.
Ийнхүү явсаар монгол бичгээ 8-р анги төгстлөө үзсэн юм. 9, 10-р ангидаа үзээгүй шиг санагдана.
Их сургуульд орлоо. Тэгсэн ерөнхий эрдэмийн хичээлд монгол бичгийн хичээл багтсан байв. Монгол бичгээр анх "А" үсэг заалгаж байсан болохоор бас ч гэж гайгүй, гэхдээ 2 жил үзээгүй орхиход л цөөнгүй дагвар, нөхцөл... мартсан байлаа.
1-р курст монгол бичгээ нэг бүтэн жил үзсэн. Сайн ч багш нар заадаг байсан. Зөвхөн монгол бичиг төдийгүй, дөрвөлжин, соёмбо, эвхмэл... монгол нутагт хэрэглэгдэж байсан бичгээ тэгэхэд л би мэдэж байж билээ.
Энэ ч намайг дахин монгол бичигтээ сонирхолтой болгож, одоо ч гэсэн босоо бичгээрээ халт хульт бичдэгт минь нөлөөлсөн гэж боддог.
Сүүлийн жилүүдэд хүмүүс хүүхэддээ монгол бичгийн хичээл гэхээсээ илүү, гадаад хэлний хичээлд нь анхааран болсон. 10 жилд монгол бичгийн хичээлийн цагыг багасгасан. сонирхож үздэг, сурдаг хүүхдүүд цөөрсөн. Аргагүй л хичээл юм болохоор худал үнэн суусан болдог байсан шиг санагддаг. Харин одоо буцаад сэргэж байгаа нь төр засгаас, мөн монгол бичиг, өв соёлоо хүндэтгэн үздэг түүнийг үгүй хийх биш, үргэлжлүүлэн сэргээх талаар хөдөлмөрлөж буй цөөнгүй гавьяатай хүмүүсийн ач хэмээн санана.
Монгол бичгийн талаар сүүлийн үед яригдах болсон нэг зүйл бол одоогийн хэлний дүрэмд ойртуулан дахин шинэчлэн хэрэглэх хэрэгтэй гэсэн саналууд гарах болсон. Цөөнгүй хүмүүс үүнийг дэмжихгүй байгаа. Энэ нь зөв гэж боддог. Энд олон шалтгаан бий. Тэртээ 13-р зуунаас эхлэн өвлөгдөн ирсэн өч төчнөөн бичгийн эх сурвалжуудаас авхуулаад хэдхэн жилийн өмнө монгол бичгээр хэвлэгдсэн номууд хүртэл адил дүрэм дуудлага, утгаараа байгаа.
Одоо дахин өөрчлөн шинэчлэхчих юм бол өмнөх монгол бичгээрээ хэвлэгдэн гарсан тэр их оюуны их хөрөнгийг хожмын үе маань уншиж чадахгүй болно шүү. хамгийн энгийн жишээ татхад л ийм байна.
За би гэдэг чинь юу бичих гээд л юу биччив дээ. Дүүрсэн хэрэг ямар ч байсан дэлхийд ганц босоо бичиг минь үргэлж мөнх бандан бадраг.

Дэлгэрэнгүй...

vendredi 9 avril 2010

АНХНЫ ЗУРВАС

Энэ өдөр РС-нийхээ ард суужээ байтал блог нээе гэсэн санаа төрлөө. Өмнө нь ийм санаа төрөөд Банжиг дээр блогтой байсан л даа. Дараа нь зав энэ тэр гээд л орхисон. Уул нь байж л байгаа.
Харин энэ удаа дахин хаяхгүйгээр үргэлжлүүлэн бичиж байх зорилгоор шинэ блог нээж буй маань энэ. Эрхэм зочидод анхааруулахад зөв бичгийн дүрэм, утгын найруулга, үгийн сонголт гээд л тоочоод байвал цөөнгүй дутагдал дайралдах байх. Тэр бүгдийг минь уучлан хэлтрүүлж, зөвлөн зааварчилж байхыг эрхэм таниас хүснэ.
Ихэнх бичлэгүүд маань надтай холбоотой болсон, болох гэж байгаа үйл явдал, энд тэндхийн үзэж харж, сонсож дуулсан сонин сайхан, мөн монгол бичигтэй холбоотой зүйлс, уран бичлэг гэсэн зүйлс л нэг хэсэгтээ үргэлжлэх болов уу даа. Өмнө нь ч ойр зуур бичиж байсан тэмдэглэлүүд бий. Түүнээсээ бас оруулна.
За тэгээд цаашдаа ч гэсэн адил. Яваандаа үг хэл зүгшрээд, үзэж харсан нь ихсээд ирэхээр илүү сонирхолтой, мэдүүштэй, аль болох таны эрдэнэ мэт цагыг үрэхгүй байхаар зүйлсийг уншигч та бүхэндээ хүргэхийг хичээнэ.
Өө тий блогийн нэрийн талаар та бүгд ямар бодолтой байна. Үнэхээр содон нэр байгаа биз. Би л лав тэгэж бодож байгаа шүү.
Хүндэтгэсэн: Содон Монгол

Дэлгэрэнгүй...